53 1Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?
ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?
2Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,
хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.
Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.
Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.
3Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.
Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.
Бид нүүрээ Түүнээс нуусан.
Тэр үзэн ядагдаж,
бид Түүнийг хүндэтгээгүй.

4Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,
бидний уй гашууг даав.
Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,
цохигдож, зовсон гэж бодов.
5Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,
бидний гэмийн төлөө бяцарчээ.
Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,
Түүний шархаар бид эдгэрсэн.
6Бид бүгдээрээ хонь мэт төөрч,
хүн бүр өөрийн замаар явав.
Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.

7Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.
Алагдахаар хөтлөгдөх хурга шиг,
хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.
8Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.
Хэн Түүний үр удмын тухай бодох вэ?
Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож,
амьдын газраас таслагдсан.
9Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч,
Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.
Тэр хүчирхийлэл үйлдээгүй.
Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.
10Гэвч Түүнийг няцалж,
өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.
Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,
Тэр үр удмаа үзэж,
Өөрийн өдрүүдийг уртасган,
ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.
11Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж,
сэтгэл нь ханах болно.
Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж,
тэдний нүглийг нь үүрэх болно.
12Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна.
Тэр олзыг хүчтэнтэй хуваана.
Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж,
хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон.
Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж,
хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.