32 1Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан,
ноёд нь шударгаар захирна.
2Хүн бүр салхинаас хоргодох газар мэт,
шуурганаас халхлах халхавч мэт,
хуурай газрын усны суваг мэт,
ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.
3Тэгээд хараатай хүмүүсийн нүд нь сохрохгүй,
сонсох чихтэй нь сонсох болно.
4Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж,
хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.
5Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,
зальт этгээдийг өглөгч гэхгүй.
6Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг.
Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж,
ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж,
бурхангүй явдлыг үйлддэг.
7Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ.
Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч,
худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.
8Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж,
түүгээрээ тогтдог.

9Амарлингуй эмс ээ.
Босож, миний дуу хоолойг сонсогтун.
Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун.
10Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно.
Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,
жимс хураалт болохгүй.
11Амарлингуй эмс ээ, чичрэгтүн.
Бардам охид оо, зовогтун.
Хувцсаа тайлан нүцгэлж,
бэлхүүсээрээ таар ороогтун.
12Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.
13Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг,
баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.
14Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан,
хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.
15Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл,
зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,
үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.
16Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,
үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
17Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,
үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,
аюулгүй байдал болох юм.
18Миний ард түмэн энх амгалан орчинд,
аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.
19Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,
20бүх усны дэргэд тариа тарьж,
шар, илжгээ чөлөөтэй идээшлүүлэгчид та нар ямар ивээлтэй байх вэ!