8 1ЭЗЭН надад айлдсан нь
-Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Олзонд түргэн, золиосонд хурдан” гэж бичигтүн. 2Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв. 3Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй хавьтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад
-Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ. 4Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.
5Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан
6-Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон,
Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.
7Ийм учраас одоо үзэгтүн!
Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна.
Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.
8Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна.
Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.

9Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар.
Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь.
Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.
Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.
10Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ.
Санал тавивч энэ нь үл тэснэ.
Учир нь Бурхан бидэнтэй хамт байна. 11Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь
12-Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй.
Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.
13Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм.
Тэр та нарын айдас байх болно.
Тэр та нарын аймшиг байх болно.
14Дараа нь Тэр ариун газар болно.
Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад,
Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.
15Олон хүн түүнд бүдэрнэ.
Тэгээд тэд унана, хэмхэрнэ.
Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана.
16Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн. 17Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна. 18Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.
19Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү? 20Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ. 21Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана. 22Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.