31 1Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй,
ЭЗЭНийг хайлгүй,
харин Египет уруу тусламж гуйн одож,
морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд,
морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.
2Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна.
Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй.
Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг,
нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.
 3Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ.
Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ.
Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч,
туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ.

4Учир нь ЭЗЭН надад
“Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч
тэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээр
олзон дээрээ архирагч арслан,
залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.
5Элин халих шувууд мэт түмэн цэргийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална.
Тэр хамгаална, чөлөөлнө.
Тэр дээгүүр нь өнгөрнө, аварна” хэмээн айлдав. 6Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун. 7Учир нь тэр өдөр өөрсдийн гараар нүгэл болгон үйлдсэн мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдийг хүн бүр хаяна.
8“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж,
хүмүүний бус илд тэднийг залгина.
Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.
9Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж,
туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав.
Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.