9 1Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд
-Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн. 2Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. 3Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. 4Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй. 5Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.
6Хэн хүний цусыг урсгана,
Түүний цусыг хүн урсгана.
Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.
7Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж,
Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.
8Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн
9-Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй, 10бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. 11Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. 12Бурхан
-Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой. 13Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. 14Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад, 15Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй. 16Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. 17Бурхан Ноад
-Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.
18Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой. 19Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.
20Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ. 21Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. 22Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ. 23Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав. 24Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд
25-Канааныг хараал идэж,
Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай 26Бас тэрээр
-Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя.
Канаан Шемийн боол болох болтугай.
27Бурхан Иафетыг агуу их болгож,
Иафетыг Шемийн асарт амьдруулж,
Канаан түүний боол болох болтугай! гэжээ.
28Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад, 29есөн зуун тавин насандаа үхэв.