32 1Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав. 2Иаков тэднийг хармагцаа
-Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.
3Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд, 4тэдэнд тушааж
-Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ “Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа. 5Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна” гэж хэл” гэв. 6Элч нар Иаковт буцаж ирээд,
-Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ. 7Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав. 8Тэгээд Иаков
-Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ. 9Иаков
-Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно” гэж надад хэлсэн. 10Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон. 11Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна. 12Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.
13Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ. 14Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц, 15гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв. 16Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан
-Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ. 17Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж
-Миний ах Есав чамтай уулзаад, “Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?” гэж асуувал, 18“Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв. 19Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж,
-Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй. 20Та нар бас “Таны зарц Иаков бидний ард ирж байгаа” гэж хэлээрэй гэв. Иаков
-Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ. 21Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө хуарандаа хонов.
22Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ. 23Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт нь байсан болгоноо гаргажээ. 24Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав. 25Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ. 26Тэр хүн
-Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков
-Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ. 27Тэгээд тэр хүн
-Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр
-Иаков гэж хэлжээ. 28Тэр хүн
-Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв. 29Иаков
-Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн
-Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ. 30Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд,
-Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв. 31Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон явжээ. 32Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.