44 1Иосеф гэрийн даамалдаа
-Тэдний уутыг даацынх нь хирээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутны нь аманд хий! 2Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд хоол хүнсний мөнгөтэй нь хамт хий! хэмээн тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж, 3үүр гэгээрэхэд тэр хүмүүсийг болон тэдний илжгийг явуулав. 4Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж,
-Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ? 5Энэ бол миний эзний уудаг аяга, мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь биш гэж үү? Та нар ийнхүү гэм буруутай зүйл хийжээ” гэж хэл хэмээжээ.
6Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв. 7Тэд
-Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Иймэрхүү зүйл хийх нь биднээс хол байг. 8Бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахин хулгайлах билээ? 9Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд 10даамал
-Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв. 11Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд 12даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжсэнд, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ. 13Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.
14Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв. 15Иосеф тэдэнд хандан
-Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв. 16Иуда
-Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё гэсэнд 17Иосеф
-Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.
18Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь
-Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ. 19Эзэн минь, та зарц биднээс “Та нар эцэгтэй юу, дүүтэй юу?” гэж асуусанд 20“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэн тандаа хэлсэн билээ. 21Та зарц бидэнд “Түүнийгээ над уруу аваад ир! Би түүнийг чинь үзье” гэж хэлсэн билээ. 22Тэгэхэд “Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно” гэж бид эзэн танд хэлсэн билээ. 23Тэгэхэд та зарц бидэнд хандаж “Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй” гэсэн билээ. 24Тэгээд таны зарц бид эцэгтээ буцаж очоод, эзэн таны үгийг түүнд хэлсэн. 25Тэгээд эцэг маань “Буцаж яваад, жаахан хоол хүнс худалдаж авчир!” гэсэнд 26бид “Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд 27таны зарц бидний эцэг бидэнд хандан “Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн. 28Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй. 29Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч явахад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та бүгд уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно” гэв. 30Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол 31эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно. 32Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно” гэж хэлсэн билээ. 33Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулна уу? 34Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.