13 1Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ. 2Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ. 3Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв. 4Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав. 5Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир 6тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ. 7Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа. 8Абрам Лотод
-Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг! 9Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв. 10Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв. 11Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав. 12Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ. 13Содомын хүмүүс хэт хорон муу, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв.
14Лотыг Абрамаас салж явсны дараа ЭЗЭН Абрамд
-Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун. 15Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө. 16Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй. 17Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө” гэв. 18Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.