41 1Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм. 2Тэгтэл тарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ. 3Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. 4Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ. 5Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ. 6Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ. 7Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа. 8Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.
9Ахлах сөнч Фараонд хандаж
-Өнөөдөр би гэмээ саналаа. 10Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад 11тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. 12Тэнд ордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд 13түүний тайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.
14Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. 15Фараон Иосефт хандаж
-Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв. 16Иосеф Фараонд хандаж
-Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. 17Фараон Иосефт хандаж
-Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм. 18Тэгтэл тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа. 19Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. 20Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ. 21Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. 22Би бас зүүдэндээ харсан нь: нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч, 23түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв. 24Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв.
25Иосеф Фараонд хандаж
-Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ. 26Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм. 27Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм. 28Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм. 29Египетийн бүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, 30дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно. 31Залгаж ирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно. 32Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно. 33Фараон та цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул. 34Фараон та тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, 35тэднээр ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул. 36Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв.
37Энэ нь Фараон болон түүний бүх түшмэлд сайхан санагджээ. 38Фараон түшмэддээ хандаж
-Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд, 39Фараон Иосефт хандаж
-Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга. 40Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. 41Фараон
-Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, 42өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж, 43өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө
-Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ. 44Фараон Иосефт хандаж
-Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд, 45Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.
46Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. 47Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. 48Иосеф Египетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв. 49Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ. 50Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. 51Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм” гэжээ. 52Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой” гэжээ.
53Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж, 54Иосефын хэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Газар нутаг бүхэлдээ ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ. 55Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж
-Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв. 56Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ. 57Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.