27 1Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа
-Хүү минь! гэж дуудсанд хүү нь
-Би энд байна гэхэд 2Исаак
-Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна. 3Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж, 4миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.
5Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов. 6Ребека өөрийн хүү Иаковт
-Чиний ах Есавд аавын чинь хэлсэн үгийг би сонслоо. 7Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна. 8Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс! 9Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье. 10Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв. 11Иаков эх Ребекадаа
-Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн. 12Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв. 13Эх нь түүнд
-Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд, 14Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ. 15Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж, 16ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ. 17Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.
18Иаков эцэг дээрээ очиж,
-Аав минь ээ! гэж дуудсанд аав нь
-Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд 19Иаков эцэгтээ хандан
-Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд 20Исаак өөрийн хүүдээ
-Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр
-Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав. 21Исаак Иаковт хандаж
-Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ. 22Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч
-Дуу чинь Иаковын дуу атал, гар чинь Есавын гар байна гээд, 23түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ. 24Тэгээд Исаак
-Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков
-Тийм ээ гэжээ. 25Исаак
-Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ. 26Тэгээд эцэг Исаак нь
-Хүү минь, наашаа дөхөж ирээд, намайг үнс гэхэд 27Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж,
-Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.
28Бурхан чамд тэнгэрийн шүүдэр,
Газрын баялаг,
Арвин их үр тариа,
Дарс хайрлах болтугай!
29Ард олон чамд зарагдаж,
Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!
Чи ах дүү нарынхаа эзэн болж,
Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж,
Чамайг хараасан нь хараалд идэгдэж,
Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.
30Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаа буцаж ирээд, 31амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад,
-Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адислана уу? гэжээ. 32Эцэг Исаак нь
-Чи хэн бэ? гэж түүнээс асуухад
-Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ. 33Исаак ихэд цочирдон
-Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв. 34Есав эцгийнхээ үгийг сонсоод, бархиран уйлж, эцэгтээ
-Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! гэсэнд 35Исаак
-Чиний дүү залилан ирж, чиний ерөөлийг авчихжээ гэж хэлсэнд 36Есав
-Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд
-Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд 37Исаак Есавд хариулж,
-Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв. 38Есав эцэгтээ хандаж
-Эцэг минь ээ! Танд ганцхан л ерөөл адис байдаг юм уу? Эцэг минь ээ, намайг ерөөн адислаач. Намайг ч бас тэгээч! гэж хэлээд чангаар уйлав. 39Түүний эцэг Исаак түүнд хандаж
-Чиний суух газар бол газрын баялгаас хол,
Тэнгэрийн шүүдрээс хол юм.
40Чи сэлмээрээ амьдарч,
дүүдээ зарагдана.
Хэзээ чи уяанаасаа тайлагдана,
Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ. 41Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ. 42Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж, дуудан ирүүлээд,
-Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна. 43Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод, 44ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай. 45Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ гэв.
46Ребека Исаакт хандан
-Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.