3 1ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой

-Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ. 2Тэр эмэгтэй могойд хандаж
-Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. 3Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан хэмээжээ. 4Тэр могой эмэгтэйд
-Та нар ерөөсөө үхэхгүй. 5Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. 6Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. 7Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.
8Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. 9Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж,
-Чи хаа байна вэ? гэсэнд 10тэрээр
-Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв. 11Тэгтэл Тэр
-Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд 12хүн
-Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв. 13ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд
-Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй
-Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. 14ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж,
-Чи ийм хэрэг хийсэн учир
Хамаг мал адгуус хийгээд
Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой.
Чи хэвлийгээрээ мөлхөж,
Насан туршдаа тоос шороо идэх болно.
15Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой,
Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно.
Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд 16бас эмэгтэйд
-Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж,
Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно.
Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж,
Эр нөхөр чинь чамайг захирна гэв. 17Адамд хандан
-Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир
Чамаас болж газарт хараал хүрч,
Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.
18Газар чамд зангуу ба халгайг ургуулна.
Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.
19Чи газар шороондоо эргэж очих хүртлээ
Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.
Учир нь чамайг газар шорооноос авсан.
Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ. 20Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон ажээ. 21ЭЗЭН Бурхан Адам ба түүний эхнэрт зориулж, арьсан дээл хийж өмсгөжээ.
22ЭЗЭН Бурхан
-Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий хэмээн айлджээ. 23ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ. 24Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.