35 1Бурхан Иаковт хандаж
-Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв. 2Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж
-Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо! 3Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв. 4Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.
5Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй. 6Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв. 7Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ. 8Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.
9Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв. 10Бурхан түүнд
-Чамайг Иаков гэдэг,
Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй,
Харин чиний нэр Израиль болно 11Бурхан түүнд
-Би Төгс Хүчит Бурхан байна.
Чи өнөр өтгөн болж, үрж!
Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч,
Мөн хаад бас чамаас төрж гарах болно.
12Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө.
Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв. 13Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов. 14Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ. 15Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.
16Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ. 17Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь
-Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв. 18Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв. 19Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав. 20Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна. 21Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов. 22Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв. 23Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой. 24Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой. 25Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой. 26Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно. 27Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.
28Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ. 29Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.