25 1Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура. 2Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ. 3Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно. 4Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой. 5Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ. 6Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа. 7Абрахам нэг зуун далан тав насалжээ. 8Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ. 9Түүний хүү Исаак, Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ. 10Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ. 11Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.
12Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой. 13Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 14Мишма, Дума, Масса, 15Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно. 16Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ. 17Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ. 18Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.
19Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж, 20Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ. 21Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. 22Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд
-Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов. 23ЭЗЭН түүнд
-Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна.
Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөд
Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба
Том нь багадаа зарцлагдах болно гэлээ. 24Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. 25Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ. 26Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
27Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа. 28Исаак Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковтаа хайртай байв. 29Иаковыг шөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. 30Есав Иаковт хандаж
-Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ. 31Иаков
-Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд 32Есав
-Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. 33Иаков
-Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ. 34Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.