45 1Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд,
-Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй. 2Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. 3Иосеф ах дүү нартаа хандан
-Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. 4Иосеф ах нартаа
-Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф
-Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна. 5Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. 6Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. 7Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. 8Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. 9Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. “Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над уруу даруй түргэн ирээч. 10Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай. 11Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй” гээрэй. 12Та нарын болон миний дүү Бениамины нүдэн дээр та нарт энэ үгийг хэлж байгаа хүн бол Иосеф би биеэрээ байна. 13Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд түргэн авчир!” гээд, 14өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав. 15Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
16Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав. 17Фараон Иосефт хандан
-Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж, 18эцгээ болон гэр орныхныгоо дагуулан нааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно. 19Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул. 20Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.
21Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф Фараоны тушаасан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. 22Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. 23Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав. 24Тэрээр ах нараа үдэж гаргахдаа
-Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв. 25Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.
26Тэгээд эцэгтээ
-Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй. 27Тэгээд тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлж өгөв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв. 28Израиль
-Одоо боллоо. Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна. Би үхэхээсээ өмнө очиж, түүнтэй уулзъя гэж хэлэв.