17 1Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж
-Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
2Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж,
Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв. 3Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд
4-Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна.
Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.
5Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир
Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно. 6Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. 7Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна. 8Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.
9Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,
-Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун! 10Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ. 11Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. 12Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой. 13Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно. 14Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.
15Бурхан Абрахамд
-Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ. 16Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд 17Абрахам нүүрээрээ газар унан, инээж,
-Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ. 18Абрахам Бурханд хандаж
-Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хүссэнд 19Бурхан
-Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно. 20Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. 21Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.
22Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов. 23Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ. 24Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай, 25түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ. 26Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ. 27Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.