30 1Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт
-Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ. 2Иаков Рахелд уурлан
-Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд 3Рахел
-Энд миний шивэгчин Билха байна. Түүнтэй унт! Тэр миний өвөр дээр хүү тавих болно. Тэгвэл түүгээр дамжуулж, би хүүхэдтэй болно гээд, 4өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүний өвөрт оржээ. 5Билха жирэмсэлж, Иаковт хүү төрүүлж өгөв. 6Рахел
-Бурхан намайг өмгөөлж, миний дууг сонсоод, надад хүү хайрлалаа гээд, түүнийг Дан гэж нэрлэжээ. 7Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв. 8Рахел
-Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэж нэр өгчээ.
9Леа өөрийн хүүхэд төрүүлэхээ зогссоныг хараад, өөрийн шивэгчин Зилпаг аваад, Иаковт татвар эм болгон өгчээ. 10Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв. 11Леа
-Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ. 12Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ. 13Леа
-Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.
14Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан
-Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ. 15Леа түүнд
-Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел
-Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв. 16Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд, Леа түүнтэй уулзахаар гараад, түүнд
-Хөвгүүнийхээ мандарваа цэцгээр би таныг худалдаж авсан учир өнөө шөнө миний өвөрт орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ. 17Бурхан Леаг сонссон учир Леа жирэмсэлж, тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. 18Леа
-Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ. 19Леа дахин жирэмсэлж, зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. 20Леа
-Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ. 21Дараа нь тэрээр охин төрүүлээд, түүнийг Дина гэж нэрлэв. 22Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ. 23Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд
-Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд, 24хүүгээ Иосеф гэж нэрлээд
-ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.
25Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд хандаж
-Намайг явуулж өгөөч. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач! 26Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Миний танд хэрхэн зарцлагдсаныг та мэднэ шүү дээ гэв. 27Лабан түүнд
-Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд
28-Чи ажлын хөлсөө тогт. Би түүнийг чинь өгье гэж хэлэв. 29Иаков түүнд
-Би танд хэрхэн зарцлагдсаныг, бас хэрхэн таны мал сүргийг маллаж байсныг, ямар болгосныг та мэднэ шүү дээ. 30Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Миний байсан газар болгонд ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв. 31Лабан
-Би чамд юу өгөх вэ? гэсэнд Иаков
-Надад юу ч бүү өг! Хэрэв миний төлөө энэ зүйлийг хийвэл, би таны мал сүргийг дахин хариулж хамгаалъя гэжээ.
32-Өнөөдөр би таны хонин сүргийн дундуур явж алаг, цоохор, хар хоньд бас алаг, цоохор ямаануудыг ялган авна. Тэдгээр нь миний хөлс болно. 33Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд, миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд 34Лабан
-За, чиний хэлсэн ёсоор болъё! гэв. 35Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа, мөн хар алаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хүүгийнхээ гарт өгчээ. 36Тэрээр Иаковыг өөрөөсөө гурав хоногийн зайтай газар суулгаж, Иаков Лабаны үлдсэн хонин сүргийг хариулсаар байлаа.
37Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. 38Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ хонио усалдаг онгоцнуудынхаа дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уухдаа хээл авч, 39мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, цоохор хурга гаргажээ. 40Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн эсрэг талд нь гаргав. Өөрийнхөө сүргийг тусгаарлаж, Лабаны сүрэгтэй холилдуулсангүй. 41Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков тэдний өмнөх онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэдээс хээлтжээ. 42Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьсангүй. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ. 43Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.