46 1Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой. 2Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй. 3Нутгийн ард олон ч бас амралтын өдрүүдэд болон шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой. 4Амралтын өдрөөр ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь өө сэвгүй зургаан хурга ба өө сэвгүй нэг хуц байх болой. 5Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой. 6Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой. 7Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 8Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаар явах ёстой. 9Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой. 10Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой. 11Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 12Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.
13Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой. 14Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл болох ефагийн зургааны нэг сайн гурилыг чийглэхийн тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөл нь мөнхөд үргэлжлэх тогтоол юм. 15Ийнхүү байнгын шатаалт тахилд зориулан өглөө бүр тэд хурга, идээн өргөл ба тосыг бэлтгэх ёстой”.
16Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Хэрэв ноён өөрийн өвөөс хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно. 17Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой. 18Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм”” хэмээгтүн гэв.
19Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв. 20Тэр надад
-Энэ бол тахилч нарын гэмийн төлөөх тахил, нүглийн төлөөх тахилыг чанаж, идээн өргөлийг жигнэх газар юм. Энэ нь тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн тулд юм гэв. 21Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв. 22Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв. 23Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв. 24Дараа нь тэр надад
-Эдгээр нь өргөөний үйлчлэгчид ард олны тахилуудыг чанадаг газрууд юм гэв.