21 1ЭЗЭНий үг надад ирж,
2-Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн. 3Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална. 4Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна. 5Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй””. 6Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал. 7Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээн өгүүлбэл, чи “Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв. 8Дахиад ЭЗЭНий үг надад ирж, 9“Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл.
Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.
10Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж,
цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв. 11Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв. 12Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь. 13Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
14“Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм. 15Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн. 16Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв. 17Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.
18ЭЗЭНий үг надад ирж,
19-Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь. 20Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой. 21Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна. 22“Иерусалим уруу” гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна. 23Энэ нь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм. 24Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарт хууль бус байдлыг чинь сануулсан учир үүгээр та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүгэл, хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана. 25Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи” 26Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз. 27Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө”.
28Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн. 29Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм. 30Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ. 31Би чиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана. 32Чи галд түлээ болно. Чиний цус нутгийн голд байх болно. Чи дурсагдахгүй, учир нь ЭЗЭН Би айлдсан юм”.