11 1Түүнээс гадна Сүнс намайг өргөж, ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсан бөгөөд ард түмний удирдагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар тэдний дунд байхыг би үзэв. 2Тэр надад
-Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөө өгч, 3“Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг. 4Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.
5Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад
-“ЭЗЭН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ. 6Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна”. 7Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана. 8Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ. 10Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 11Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ. 12Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм” гэв.
13Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран
-Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.
14Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж,
15-Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм” хэмээн өгүүл. 16Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв””. 17Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаан авчрах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө””. 18Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна. 19Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө. 20Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно. 21Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.
22Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв. 23ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. 24Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд уруу авчрав. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. 25Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.