26 1Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,
2-Хүний хүү Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн. 3Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно. 4Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно. 5Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр нь үндэстнүүдийн олз болно. 6Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно””.
7Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно. 8Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно. 9Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно. 10Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно. 11Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг багананууд газарт унана. 12Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно. 13Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй. 14Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. “Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү? 16Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина. 17Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан
“Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо!
Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн,
чи далайгаас яаж устсан бэ?
18Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ.
Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно””. 19Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед 20Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно. 21Би чиний дээр айдсыг авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.