40 1Бидний цөлөгдсөний хорин тав дахь жилд, жилийн эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг тэнд авчрав. 2Бурханы үзэгдлүүд дотор Тэр намайг Израилийн газарт ирүүлж, маш өндөр уулын дээр буулгасан бөгөөд дээр нь өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв. 3Тийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв. 4Тэр хүн надад
-Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.
5Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов. 6Тэгээд тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв. 7Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв. 8Тэгээд тэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв. 9Тэрээр дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв. 10Зүүн зүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв. 11Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв. 12Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв. 13Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв. 14Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ. 15Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв. 16Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв.
17Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв. 18Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв. 19Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хашааны гадна зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүгт болон хойд зүгт зуун тохой байв.
20Хойд зүг уруу харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд гэвэл, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив. 21Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Түүний хажуугийн багананууд ба үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Түүний урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 22Түүний цонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв. 23Дотор хашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.
24Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив. 25Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 26Тэнд түүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн багананд далдуу модыг сийлсэн байв. 27Дотор хашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.
28Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив. 29Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 30Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв. 31Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн баганануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.
32Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив. 33Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 34Түүний үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв.
35Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив. 36Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ. 37Түүний хажуугийн багананууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.
38Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг. 39Дааман хаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв. 40Тэр нэгэн хойд зүг уруу харсан үүдэнд очиход гадна талд нь хоёр ширээ байв. Дааман хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ. 41Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ. 42Шатаалт тахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж. 43Байшин дотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.
44Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв. 45Тэр надад
-Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан билээ. 46Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв. 47Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.
48Дараа нь тэр намайг сүмийн үүдний танхимд авчирч, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд, тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь тал бүрдээ гурван тохой байв. 49Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван нэгэн тохой байв. Түүн уруу өгсөх шатан дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуурууд хоёр талд нэг нэгээр байв.