22 1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2-Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл. 3Чи хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Өөрийнх нь цаг ирэхийн тулд өөрийн голд цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийн сонирхлын эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! 4Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон. 5Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно. 6Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан. 7Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан. 8Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав. 9Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв. 10Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв. 11Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв. 12Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
13“Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно. 14Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ. 15Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана. 16Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”” гэсэн.
17ЭЗЭНий үг надад ирж,
18-Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм. 19Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна. 20Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна. 21Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно. 22Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.
23ЭЗЭНий үг надад ирж,
24-Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.” 25Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. 26Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм. 27Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм. 28Түүний эш үзүүлэгчид хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлснээрээ тэдэнд шохой түрхэв. 29Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав. 30Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй. 31Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.