45 1Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой. 2Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдсан байх ба эргэн тойронд түүний сул газар байхаар тавин тохой байх ёстой. 3Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, хамгийн ариун газар байх болой. 4Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгчид болох тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой. 5Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм. 6Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна. 7Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой. 8Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой”.
9Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 10“Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой. 11Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой. 12Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел ба арван таван шекел нь та нарын нэг мане байх болой.
13Та нарын өргөх өргөл нь энэ юм. Улаан буудайн омероос ефагийн зургааны нэгийг арвайн омероос ефагийн зургааны нэг, 14заагдсан хэмжээний тос (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн батыг (Кор нь арван бат, эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү). 15Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүллийг хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил болон эвийн тахилд зориулагтун” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16“Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой. 17Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой”.
18Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой. 19Тахилч нь нүглийн төлөөх тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөгт болон дотоод хашааны дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой. 20Төөрч буй, эсвэл гэнэн аливаа хүний төлөө та нар уг сарын долоонд ийнхүү үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.
21Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид. 22Тэр өдөр ноён өөрийнхөө төлөө болон нутгийн хамаг ард түмэнд зориулан нүглийн төлөөх тахилын бухаар хангах ёстой. 23Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүрд нь өө сэвгүй долоон бух, долоон хуцыг болон өдөр бүр нүглийн төлөөх тахилд нэг ухныг тэр хангах ёстой. 24Идээн өргөл болгон тэр нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, нэг ефатай хамт нэг хин тосыг хангах ёстой. 25Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил, долоон хоног нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой”.