35 1Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,
2-Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүлэн, 3түүнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
“Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна.
4Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно.
Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 5Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас, 6тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаад “Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно. 7Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно. 8Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно. 9Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
10Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ” хэмээн өгүүлсэн учраас, 11тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаад “Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно. 12Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн” хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно. 13Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ”. 14Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно. 15Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэжээ”.