41 1Тэгээд тэр намайг гол танхимд авчран, хажуугийн баганануудыг хэмжив. Хажуугийн баганын өргөн нь хоёр талд зургаан тохой байв. 2Орох үүдний өргөн нь арван тохой байсан ба орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тус бүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа. 3Тэр дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв. 4Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад
-Энэ бол хамгийн ариун газар мөн хэмээн өгүүлэв.
5Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв. 6Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар байсан ба давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд тэдгээр нь дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв. 7Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв. 8Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв. 9Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд 10болон гаднах танхимуудын хоорондох хоосон зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв. 11Хоосон зай уруу харсан хажуугийн өрөөнүүдийн үүднүүдийн нэг нь хойд зүг уруу, нөгөө нь өмнө зүг уруу харж байв. Хоосон зайны өргөн нь эргэн тойрондоо таван тохой байв.
12Баруун тийш харсан талд тусгаарлагдсан талбайн урд тал дахь барилгын өргөн нь далан тохой байв. Барилгын хана нь эргэн тойрондоо таван тохой зузаан бөгөөд түүний урт нь ерэн тохой байв. 13Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлагдсан талбай нь барилга болон түүний ханануудтай нь хамт мөн адил зуун тохой байв. 14Сүмийн урд талын өргөн болон тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв.
15Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим болон хашааны үүдний танхимуудыг бас хэмжив. 16Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (харин цонхнууд нь бүтээгдсэн байв.) 17Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл, мөн гадаад өргөөнд ч, эргэн тойронд бүхэл ханыг хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв. 18Түүнд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. Далдуу мод нь хоёр херубын завсар байсан ба херуб бүр нь хоёр нүүртэй байв. 19Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв. 20Газраас үүдний дээд хүртэл, мөн гол танхимын хананд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв.
21Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд гэвэл нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв. 22Тахилын ширээ нь модон бөгөөд гурван тохой өндөр, хоёр тохой урт байв. Түүний булангууд, түүний суурь ба түүний хажуу талууд ч модон ажээ. Тэрээр надад
-Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн хэмээн өгүүлэв. 23Гол танхим болон ариун газар тус бүр хоёр хаалгатай байв. 24Хаалга тус бүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас байсан ба нөгөө хаалганд ч хоёр хавтас байв. 25Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв. 26Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд болон далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд болон босгонууд ч тийм байв.