3 1Тэгээд Тэр надад
-Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв. 2Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн. 3Тэр надад
-Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.
4Тэгээд Тэр надад
-Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл. 5Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна. 6Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн. 7Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм. 8Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон. 9Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв. 10Түүнээс гадна, Тэр надад
-Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс. 11Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн тэдэнд хэл гэв.
12Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард
-Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов. 13Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов. 14Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв. 15Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.
16Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
17-Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг. 18Би хорон муу явдалтанд “Чи заавал үхнэ” хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 19Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм. 20Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 21Харин хэрэв чи зөвт хүн нүглийг үйлдэх ёсгүй хэмээн сануулаад, тэр нь нүглийг эс үйлдэх аваас, тэр хүн сануулгыг авсан учир үнэхээр амьдрах болно. Чи өөрийгөө аварсан гэв.
22Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад
-Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв. 23Тиймээс би босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав. 24Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь
-Явж, өөрийгөө гэртээ түгж. 25Хүний хүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи тэдний дундаас гарч явж чадахгүй болох юм. 26Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм. 27Гэвч Би чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.