23 1ЭЗЭНий үг надад дахин ирж,
2-Хүний хүү, нэгэн эхийн охид болох хоёр эмэгтэй байжээ. 3Тэд Египетэд завхайрлыг үйлджээ. Тэд залуу насандаа завхайрлыг үйлдсэн. Тэнд тэдний хөх нь үнгэгдэж дарагдан, тэдний онгон хэнхдэг цээж нь хөндөгджээ. 4Тэдний нэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд болон охидыг төрүүлэв. Тэдний нэрсийн хувьд гэвэл, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
5Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав. 6Тэд нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагчид хийгээд түшмэд нь, тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв. 7Тэр эм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав. 8Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв. 9Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав. 10Тэд түүний нүцгэнийг дэлгэсэн. Тэд түүний хөвгүүд, охидыг авч, харин түүнийг илдээр алав. Ийнхүү тэр эмэгтэйчүүдийн дунд зүйр үг болж, тэд түүнд шүүлтийг буулгав.
11Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв. 12Тэр ассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв. 13Тэр эм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав. 14Тэгээд тэр өөрийн садар самуун явдлыг улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан Халдеи хүмүүсийн хөргүүдийг тэр үзэв. 15Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав. 16Тэр эм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв. 17Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, өөрсдийн садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив. 18Тэр эм өөрийн садар самууныг болон өөрийн нүцгэн биеийг дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив. 19Гэсэн ч тэр эм Египетийн газарт садар самууныг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан өөрийн садар самуун явдлыг улам их болгов. 20Илжигний махан бие адил махан биетэй, морины хүч адил хүчтэй тэдний нууц амрагуудын хойноос тэр тачаадав. 21Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж чиний хэнхдэг цээжийг хөндөж байсан залуу насныхаа завхай явдлыг чи хүсэмжилсэн юм.
22Тиймээс Охолиба, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би чиний хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна. 23Тэд вавилончууд, бүх халдеичууд, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассиричууд юм. Тэд бол хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагчид ба түшмэд, жанжид, алдар цуутай хүмүүс бөгөөд бүгдээрээ морьд хөлөглөгчид юм. 24Тэд зэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ. 25Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би Өөрийн хардалтыг чиний эсрэг тавих болно. Тэд чиний хамар, чихийг огтолно. Чиний үлдэгсэд илдэнд унана. Тэд чиний хөвгүүд, охидыг авах бөгөөд үлдэгсэд чинь галд шатаагдах болно. 26Тэд чиний хувцсыг тайлж, чиний үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг булааж авна. 27Тийнхүү Египетийн нутгаас авчирсан чиний тачаал болон чиний садар самууныг чамаас таслахын тулд Би үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ эс өргөн, Египетийг дахин санахгүй”. 28Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана. 29Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно. 30Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө. 31Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө”. 32Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно.
Чи шоологдож, доог тохуу болно.
Энэ аяга нь ихийг агуулдаг.
33Чи согтуурал, гунигаар дүүрнэ.
Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.
34Чи үүнийг ууж хатаана.
Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина. 35Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр”.
36Түүнээс гадна, ЭЗЭН надад
-Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл. 37Учир нь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав. 38Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав. 39Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв. 40Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүс уруу элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон. 41Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм. 42Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв. 43Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би “Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?” гэж айлдсан. 44Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм уруу очив. Тийнхүү тэд тачаангуй эмс Охола, Охолиба нар уруу очив. 45Гэвч зөвт хүмүүс болох тэд тэдгээр эмсийг завхай эмийг шүүх шүүлтээр, цус урсгасан эмийг шүүх шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд тэдний гар цусанд будагдсан юм.
46Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдаст автуулж, дээрэмдүүлүүлнэ. 47Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана. 48Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйчүүдэд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм. 49Та нарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно”.