9 1Тэднийг Египетийн нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ингэж ярин, айлдахдаа
2-Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул. 3Энэ сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх тогтоолууд, бүх зарлигуудынх нь дагуу сахигтун гэлээ. 4Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв. 5Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг Синаин цөлд эхний сард, тэр сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу, тийнхүү Израилийн хөвгүүд хийв. 6Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд, 7түүнд
-Хэдийгээр бид үхсэн хүнээс болж бузартсан боловч яагаад Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг бидэнд хориглов? хэмээв. 8Мосе тэдэнд
-Хүлээ. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.
9Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
10Израилийн хөвгүүдтэй ярин “Хэрэв та нарын эсвэл үр удмын чинь хэн нэгэн үхсэн хүнээс болж бузар болбол эсвэл холын аянд явж байвал, тэр хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж болно. 11Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой. 12Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Дээгүүр Өнгөрөх баярын бүх тогтоолын дагуу тэд түүнийг сахих ёстой. 13Гэвч цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой. 14Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой” хэмээн хэл гэлээ.
15Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл тэр нь асрын дээр гал мэт үзэгдэв. 16Тийнхүү энэ нь үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа. 17Асрын дээрээс үүл дээшлэх бүрд үүний дараа Израилийн хөвгүүд хөдлөн, үүл доош буусан газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв. 18ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. 19Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв. 20Хэрэв зарим үед үүл асрын дээр хэд хоногоор саатах аваас, ЭЗЭНий тушаалын дагуу тэд буудаллан үлддэг байв. Тэгээд ЭЗЭНий тушаалын дагуу тэд хөдөлдөг байлаа. 21Хэрэв зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл дээшлэх аваас тэд хөдөлдөг байв. Эсвэл өдрөөр ба шөнөөр тогтож байсан үүл дээшлэх аваас тэр үед тэд хөдөлдөг байв. 22Хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч үүл асрын дээр саатан, түүний дээр үлдсэн ч Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд хөдөлдөггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд хөдөлдөг байлаа. 23ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу ЭЗЭНий захирамжийг тэд сахиж байлаа.