10 1ЭЗЭН Мосетэй цааш нь ярин, айлдахдаа
2-Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой. 3Хоёуланг нь үлээхэд бүх чуулган хурлын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой. 4Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу. 5Харин чамайг түгшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой. 6Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу. 7Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр үлээгтүн. 8Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ нь үеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай. 9Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. 10Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.
11Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд 12Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов. 13Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ. 14Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт, 15Иссахарын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуарын хүү Нетанелтай хамт, 16Зебулуны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Хелоны хүү Елиабтай хамт хөдлөв.
Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв. 18Дараа нь Реубений хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Шедеурын хүү Елизуртай хамт, 19Симеоны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуришаддаин хүү Шелумиелтэй хамт, 20Гадын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Деуелийн хүү Елиасафтай хамт хөдлөв.
21Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа. 22Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммихудын хүү Елишаматай хамт, 23Манассегийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Педахзурын хүү Гамалиелтай хамт, 24Бениамины хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Гидеонийн хүү Абидантай хамт хөдлөв.
25Дараа нь бүх хуарангуудын төлөөх арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммишаддаин хүү Ахиезертэй хамт, 26мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт, 27Нафталийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Енаны хүү Ахиратай хамт хөдлөв. 28Энэ бол цэргийн бүлэглэлүүдийн дагуу хөдлөх Израилийн хөвгүүдийн жагсаалын дараалал байлаа.
29Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд
-“Би үүнийг та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв. 30Гэвч тэр Мосед
-Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв. 31Тэгтэл тэр
-Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно. 32Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.
33Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав. 34Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.
35Авдрыг хөдлөх үед Мосе
-ЭЗЭН, босооч!
Таны дайснууд бутран тарж,
Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.
36Амрах болоход тэрээр
-ЭЗЭН,
Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч гэж хэлэв.