28 1Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
2-Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд “Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун” гэж хэл. 3Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн. 4Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. 5Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохисон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн. 6Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм. 7Тэгээд үүнтэй хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан тахил байх ёстой. Хатуу ундаагаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд зориулан асгана. 8Нөгөө хургыг та нар үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. Өглөөний идээн өргөл болон түүний ундаан өргөлийн адил та нар үүнийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр, галаар өргөх өргөл болгон өргөгтүн.
9Дараа нь амралтын өдөр нэг настай, согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил, түүний ундаан өргөлийг өргөгтүн. 10Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.
11Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир. 12Бух бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурил, мөн нэг хуцанд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг, 13хурга бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд галаар өргөх өргөл, тайвшруулах тааламжит үнэрийн шатаалт тахилд өргөгтүн. 14Тэдгээрийн ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын турш байх сар бүрийн шатаалт тахил юм. 15Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.
16Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой. 17Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу. 18Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй. 19Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой. 20Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр, 21долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм. 22Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн. 23Эдгээрийг та нар байнгын шатаалт тахилд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой. 24Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой. 25Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.
26Бас анхны үр жимснүүдийн өдөр, та нар Долоо Хоногуудын баяр дээр шинэ идээн өргөлийг ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. 27Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хоёр залуу бух, нэг хуц, нэг настай долоон эр хургаар шатаалт тахил өргөгтүн. 28Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, бух тус бүрд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг, 29долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн. 30Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн. 31Байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь та нар эдгээрийг ундаан өргөлийнх нь хамт авчир. Тэдгээр нь согоггүй байх ёстой.