6 1ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа
2-Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болох онцгой тангаргийг өргөх аваас, 3тэр хүн дарс болон хатуу ундааг цээрлэж, дарс, эсвэл хатуу ундаагаар хийгдсэн цууг үл хэрэглэн, усан үзмийн шүүсийг ч үл уун, шинэ буюу хатаасан усан үзмийг ч идэж үл болно. 4Тусгаарлалтынхаа бүх өдрүүдэд тэрээр усан үзмийн модны үрээс нь аваад хальсыг нь ч хүртэл ямар ч бүтээгдэхүүнийг идэж болохгүй.
5Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.
6ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй. 7Өөрийн эцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ. 8Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.
9Гэвч хэрэв түүний дэргэд хүн гэнэт үхэж, тэрээр зориулагдсан үстэй толгойгоо бузарласан тохиолдолд цэвэрших өдрөө тэр үсээ хусах ёстой. Тэр долоо дахь өдөрт үсээ хусах болой. 10Тэгээд тэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой. 11Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөх хүн толгойгоо ариусган, 12Назираар байх өдрүүдээ ЭЗЭНд зориулж, гэмийн төлөөх тахилд нэг настай эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан тул урьдын өдрүүд нь тооцогдохгүй болно.
13Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой. 14Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг, 15мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой. 16Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой. 17Тэр бас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу. 18Тэгээд уг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ. 19Тахилч хуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаных нь дараа тавина. 20Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.
21Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.
22Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
23-Аарон болон түүний хөвгүүдтэй ярин “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан
24“ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.
25ЭЗЭН чиний дээр Өөрийн нүүрийг гэрэлтүүлж,
чамд нигүүлсэнгүй хандах болтугай.
26ЭЗЭН Өөрийн нүүр царайг чам уруу өргөн,
чамд амар амгаланг өгөх болтугай”” 27Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.