24 1Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав. 2Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ. 3Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь
-Беорын хүү Балаамын зөн ба
нүд нь нээлттэй хүний зөн.
4Бурханы үгсийг сонсдог,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
5Иаков аа, чиний майхнууд,
Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6Сунайсан уудам хөндийнүүд мэт,
голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,
ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,
усны дэргэдэх хушнууд мэт.
7Түүний хувингуудаас ус урсах агаад
түүний үр нь их усны дэргэд байж,
түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд
түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.
8Бурхан түүнийг Египетээс гаргадаг,
Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.
Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,
ясыг нь хэсэгчин бяцлаж,
өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.
9Тэр тухлан арслан мэт хэвтэнэ.
Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ?
Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад
чамайг хараах бүхэн хараагдах болтугай 10Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд
-Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа. 11Иймийн тул одоо өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж хүндэтгэх байсан гэдгээ хэлсэн. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв. 12Балаам Балакт хандан
-Чиний над уруу илгээсэн элч нарт би 13“Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү? 14Одоо харагтун, Би өөрийн ард түмэн уруу явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье гэлээ. 15Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Беорын хүү Балаамын зөн ба
нүд нь нээлттэй хүний зөн.
16Бурханы үгсийг сонсдог ба
Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
17Би түүнийг хардаг, харин одоо биш.
Би түүнийг үздэг, харин ойр биш.
Иаковаас од гарч ирэн,
Израилиас очирт таяг босож,
Моабын магнайг нэвт цөмлөн,
Шетийн бүх хөвгүүдийг нураана.
18Израилийг хүчээ авах зуур
Едом нь эзлэгдэж,
Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.
19Иаковаас нэг нь ноёрхож,
хотоос үлдэгсдийг устгах болно гэв.
20Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин,
-Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,
түүний төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
21Тэр Кенийг харан, сургаалт зүйрлэлээр ярин,
-Чиний сууц удаан бат тогтвортой бөгөөд
чиний үүр хаданд засагджээ.
22Гэсэн ч Каин нь шатаагдана.
Асшур нь чамайг хир удаан олзонд байлгах вэ? гэв.
23Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин,
-Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ?
24Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,
тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно.
Тийнхүү тэд ч бас сүйрнэ 25Ингээд Балаам босож, өөрийн нутаг уруугаа салан явсан бөгөөд Балак ч өөрийн замаар явав.