2 1ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа
2-Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана. 3Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд 4түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна. 5Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд 6түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна. 7Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд 8түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой. 9Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.
10Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд 11мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна. 12Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байх ёстой. Симеоны хөвгүүдийн удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд 13түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байна. 14Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд 15түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавин хүн байна. 16Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм.
17Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу.
18Баруун талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Ефраимын хуарангийн туг байх ёстой. Ефраимын хөвгүүдийн удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд 19түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуун хүн байна. 20Түүний дэргэд Манассегийн овог байх ёстой. Манассегийн хөвгүүдийн удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд 21түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуун хүн байна. 22Үүний дараа Бениамины овог байх ёстой. Бениамины хөвгүүдийн удирдагч нь Гидеонийн хүү Абидан бөгөөд 23түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуун хүн байна. 24Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.
25Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд 26түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна. 27Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд 28түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна. 29Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд 30түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна. 31Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу.
32Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв. 33Харин ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор левичүүд нь Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй. 34Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд хийж, тийнхүү тэд өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, өөрийн эцгүүдийн бүлийн дагуу тийнхүү хөдлөн нүүж байв.