23 1Тэгээд Балаам Балакт
-Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ. 2Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв. 3Тэгээд Балаам Балакт хандан
-Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа. 4Бурхан Балаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд
-Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ. 5Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд
-Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв. 6Тиймээс тэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. 7Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Моабын хаан Балак намайг Арамаас,
Дорнын уулсаас авчирч,
“Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.
Ирж, Израилийг буруушаагтун” гэв.
8Бурханы хараагаагүй хүнийг
би хэрхэн хараах билээ?
ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг
би хэрхэн буруушааж чадах билээ?
9Би түүнийг хадны оройгоос харан,
толгодоос ажиглаад,
харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,
ангид орших ард түмэн байна.
10Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ?
Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ?
Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй,
төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай 11Тэгэхэд Балак Балаамд
-Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв. 12Тэр хариу болгон
-ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.
13Дараа нь Балак түүнд
-Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ. 14Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв. 15Тэр Балакт
-Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв. 16Дараа нь ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд,
-Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүгэй хэмээн айлдав. 17Тэр түүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс
-ЭЗЭН юу айлдав? гэж асуув. 18Тэгэхэд тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Балак аа, босож сонсогтун.
Зиппорын хүү, над уруу чих тавь!
19Бурхан бол худал хэлдэг хүн биш,
гэмшин харамсдаг хүний хүү ч биш.
Тэрээр айлдчихаад,
Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?
Эсвэл Тэр ярьчихаад,
Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
20Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.
Тэр ерөөсөн байхад
би түүнийг нь зөрчиж чадахгүй.
21Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.
Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.
Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,
хааны уухай тэдний дунд байна.
22Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг
Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.
23Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,
Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.
Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.
24Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна.
Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.
Тэр олзоо залгитлаа,
алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй 25Тэгэхэд нь Балак Балаамд
-Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв. 26Гэвч Балаам хариуд нь Балакт
-“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.
27Тэгэхэд Балак Балаамд
-Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв. 28Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив. 29Балаам Балакт
-Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ. 30Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.