20 1Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.
2Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав. 3Ард олон Мосетэй мэтгэлцэн,
-Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой! 4Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав? 5Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв. 6Тэгэхэд нь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ. 7ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
8-Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв. 9Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав. 10Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд
-Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ. 11Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав. 12Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан
-Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. 13Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.
14Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж,
-Таны дүү Израиль ингэж хэлсэн. “Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ. 15Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ. 16Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна. 17Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно” гэв. 18Гэвч Едом түүнд
-Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв. 19Дахин Израилийн хөвгүүд түүнд
-Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ. 20Харин тэр
-Чи дамжин өнгөрч болохгүй хэмээн хариулав. Едом нь их хүч, хатуу нударгаар түүний эсрэг гарав. 21Тийнхүү Едом өөрийн нутаг дэвсгэрээр Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэв.
22Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв. 23Дараа нь ЭЗЭН Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа
24-Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй. 25Аарон болон түүний хүү Елиазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун. 26Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Тийнхүү Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно хэмээв. 27Ийнхүү Мосе ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд бүх чуулганы нүдний өмнө Хор уул уруу гарав. 28Мосе Аароны хувцсыг тайлан авч хүү Елеазарт нь өмсгөсний дараа Аарон тэнд уулын орой дээр үхэв. Дараа нь Мосе, Елеазар нар уулнаас буув. 29Бүх чуулган нь Аароны үхсэнийг хараад, Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоногийн турш уйлалдав.