13 1Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
2-Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв. 3Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ. 4Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа, 5Симеон овгоос Хорийн хүү Шафат, 6Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 7Иссахар овгоос Иосефын хүү Игал, 8Ефраим овгоос Нуны хүү Хошеа, 9Бениамин овгоос Рафугийн хүү Палти, 10Зебулун овгоос Содийн хүү Гаддиел, 11Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди, 12Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел, 13Ашер овгоос Михаелын хүү Сетур, 14Нафтали овгоос Вофсийн хүү Нахби, 15Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа. 16Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.
17Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд
-Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч. 18Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд. 19Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу? 20Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.
21Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебо-хамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав. 22Тэд Негев уруу өгсөн явахдаа Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нарын байсан Хебронд хүрч ирэв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байв.)
23Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав. 24Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа.
25Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцахдаа 26Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. 27Тэд түүнд ийнхүү хэлэв.
-Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна. 28Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв. 29Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
30Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад
-Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв. 31Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс
-Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв. 32Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж
-Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв. 33Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.