8 1Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
2-Ааронтай ярин, түүнд “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” хэмээн хэл гэв. 3Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав. 4Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.
5ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа
6-Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ. 7Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно. 8Тэгээд тэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун. 9Чи левичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан, 10левичүүдийг ЭЗЭНий өмнө авчир. Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавих ёстой. 11Тэгээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна. 12Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн. 13Чи мөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.
14Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно. 15Үүний дараа левичүүд хурлын майханд үйлчлэлийг хийхээр орж болох болой. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөл болгон авчрах ёстой. 16Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Умайг анх нээгч ууган бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн ууган төрөгсдийн оронд Би тэднийг Өөртөө авсан. 17Учир нь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх ууган төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой. 18Харин Би Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан. 19Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.
20Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв. 21Левичүүд бас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ. 22Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.
23ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
24-Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой. 25Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй. 26Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.