30 1Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь
-ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой. 2Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой. 3Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд, 4түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой. 5Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
6Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал, 7нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу. 8Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
9Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно. 10Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд 11нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу. 12Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
13Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно. 14Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна. 15Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээр хүчингүй болговол эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.
16Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.