4 1Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа
2-Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 3гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. 4Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой. 5Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. 6Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. 7Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. 8Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг нь шургуулна. 9Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж, 10түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу. 11Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. 12Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой. 13Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ. 14Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна. 15Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм. 16Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.
17Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа
18-Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. 19Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн. 20Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.
21Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
22-Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь 23гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун. 24Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой. 25Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц, 26хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой. 27Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. 28Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байх болой.
29Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр нь, 30гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. 31Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд, 32эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн. 33Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.
34Тиймээс Мосе, Аарон болон чуулганы удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 35гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов. 36Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа. 37Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургуудын тоологдсон эрчүүд байлаа.
38Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 39гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 40Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр тоологдсон эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв. 41Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.
42Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 43гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 44Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв. 45Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.
46Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон тооллогод левичүүдийн тоологдсон бүх хүмүүс нь тэдгээрийн ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр, 47хурлын майхан дахь зөөх ажил болон үйлчлэлийн ажлыг хийхээр орж чадах гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх хүн бүр байлаа. 48Тэдний тоологдсон эрчүүд нь найман мянга таван зуун ная байв. 49Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.