5 1Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй. 2Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.) 3Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой. 4Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи, 5түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал, 6түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ. 7Тэдний удмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа, 8Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баалмеон хүртэлх газарт амьдарсан юм. 9Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ. 10Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.
11Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа. 12Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв. 13Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой. 14Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой. 15Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой. 16Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм. 17Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.
18Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм. 19Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав. 20Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм. 21Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ. 22Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.
23Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв. 24Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.
25Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг, итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав. 26Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.