17 1Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан
-Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв. 2Натан Давидад
-Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн гэв. 3Тэр шөнө Бурханы үг Натанд ирж айлдахдаа
4-Явж, Миний зарц Давидад өгүүлэгтүн “ЭЗЭН ийн айлдахдаа “Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй. 5Учир нь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв. 6Бүх Израилийн хамт Миний алхаж байсан бүх газруудад Миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь Би “Яагаад чи Надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ?” гэж хэлсэн гэж үү?” хэмээв” гэж хэл. 7Тэгэхээр одоо чи Миний боол Давидад ингэж хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа “Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон. 8Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно. 9Би Өөрийн ард түмэн Израильд газар тогтоон өгч, тэд өөрсдийн нутагтаа оршин сууж, дахин нүүдэллэхгүй байхаар тэднийг тэнд суулгана. Урьдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болино. 10Энэ нь Би Өөрийн ард түмэн Израильд шүүгч нарыг томилсон өдрөөс эхэлсэн билээ. Би чиний бүх дайсныг захиргаанд оруулна. Түүгээр ч барахгүй, ЭЗЭН чамд гэр барьж өгнө гэдгийг Би чамд хэлнэ. 11Чиний өдрүүд гүйцэн, чи өөрийн эцэг өвгөдтэй байхаар явах үед Би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна. 12Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна. 13Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсан шиг, Би түүнээс Өөрийн хайр энэрлийг холдуулахгүй. 14Гэвч Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтох болно” хэмээв” гэв. 15Эдгээр бүх үгс ба энэ үзэгдлийн дагуу Натан Давидад хэлжээ.
16Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад,
-ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 17Бурхан минь, энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан боловч Та Өөрийн боолын гэрт ирж буй агуу үеийн тухай айлдаж, эрхэм дээд хүний хэмжүүрийн дагуу надад хандлаа, Бурхан ЭЗЭН минь. 18Таны боолд өгөгдсөн хүндлэлийн талаар Давид Танд өөр илүү юу хэлж чадах билээ? Учир нь Та Өөрийн боолоо мэдэх билээ. 19Өө, ЭЗЭН минь, Өөрийн боолын төлөө болоод Өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу эдгээр бүх аугаа зүйлсийг мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу зүйлсийн учир шалтгаан болжээ. 20Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ. 21Энэ газар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр алдрыг авчээ. 22Учир нь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ. 23Өө ЭЗЭН, Өөрийн боол ба түүний гэрийн талаар Таны айлдсан үгийг мөнхөд тогтоож, айлдсанаараа хийгээрэй. 24Таны нэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ” хэмээн хэлэгдэх болтугай. 25Бурхан минь ээ, Та Өөрийн боолдоо зориулан гэрийг барьж өгнө гэдгийг түүнд илчлэн үзүүлсэн тул Таны боол Таны өмнө залбирах зоригийг авсан билээ. 26ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ. 27Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.