18 1Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав. 2Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав. 3Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ. 4Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.
5Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов. 6Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа. 8Бас Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, багананууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв.
9Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод, 10Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав. 11Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.
12Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давст хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ. 13Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
14Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөв, шударгаар удирдав. 15Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов. 16Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов. 17Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.