23 1Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов. 2Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав. 3Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв. 4Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар, 5дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа. 6Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ.
7Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв. 8Ладаны хөвгүүд гэвэл ууган нь болох Иехиел болон Зетам, Иоел гурвуулаа байв. 9Шимеигийн хөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм. 10Шимеигийн хөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрөв нь Шимеигийн хөвгүүд юм. 11Иахат ууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гэр бүл болов.
12Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв. 13Амрамын хөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм. 14Харин Бурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой. 15Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв. 16Гершомын хүү нь тэргүүлэгч Шебуел байв. 17Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв. 18Изхарын хүү нь тэргүүлэгч Шеломит байв. 19Хеброны хөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой. 20Уззиелийн хөвгүүдийн ууган нь Мика, удаах нь Ишшиа болой.
21Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой. 22Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүү нар болох Кишийн хөвгүүд тэднийг эхнэрүүдээ болгон авав. 23Мушийн хөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв.
24Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв. 25Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов. 26Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон” хэмээн өгүүлсэн юм. 27Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав. 28Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлсийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн ажилд Аароны хөвгүүдэд туслах болон 29ил тавих талх, идээн өргөлийн сайн гурил, хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв. 30Тэд өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн, 31амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв. 32Ингэж ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.