10 1Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав. 2Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ. 3Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ. 4Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ
-Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав. 5Саулын үхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв. 6Ингээд Саул өөрийн гурван хүү, өөрийн бүх гэрийнхний хамт үхэв.
7Хөндийд байсан бүх израиль хүн, Израилийн цэргүүд зугтан Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав. 8Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов. 9Ингээд тэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийн газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв. 10Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв. 11Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод 12бүх зоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив.
13Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж, 14ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.