26 1Дааман хаалгануудын сахиулын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв. 2Мешелемиа хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел, 3тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой. 4Обед-едом хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел, 5зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм. 6Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрж, тэд эрэлхэг зоригтой дайчид байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав. 7Шемаиагийн хөвгүүд нь Отни, Рефаел, Обед, Елзабад нар бөгөөд Елзабадын ах дүү Елиху, Шемакиа нар эрэлхэг хүмүүс байв. 8Эдгээр нь бүгд Обед-едомын хөвгүүдээс гаралтай хүмүүс байв. Тэд болон тэдний хөвгүүд, төрөл садан нь үйлчлэлээ хийх хүчтэй, чадвартай хүмүүс бөгөөд Обед-едомоос жаран хоёр хүн байв. 9Мешелемиад хөвгүүд болон төрөл садан болох арван найман эрэлхэг хүн байв. 10Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон), 11хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.
12Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв. 13Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов. 14Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув. 15Обед-едомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав. 16Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв. 17Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв. 18Баруун тал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв. 19Эдгээр нь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв.
20Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв. 21Ладаны хөвгүүд болох Ладанд харьяалагдах гершончууд буюу иехиелчүүд нь гершон хүн Ладаны эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд байв. 22Иехиелийн хөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв. 23Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл, 24Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн нярав болов. 25Елиезераар дамжуулан түүний хамаатнууд гэвэл Елиезерын хүү Рехабиа, Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зикри, Зикрийн хүү Шеломот нар байв. 26Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав. 27Тэд дайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ. 28Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ. 29Изхарчуудын хувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ. 30Хебрончуудын хувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ. 31Хебрончуудын хувьд гэвэл, тэргүүлэгч Иериа (эдгээр хебрончууд нь Давидын хаанчлалын дөч дэх жилд өөрсдийн угийн бичиг болон эцгүүдийн бүлүүдийн дагуу судлагдахад, Гилеадын Иазерт тэдний дундаас онцгой чадварлаг хүмүүс олдов) 32болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эр байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов.