7 1Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө. 2Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна. 3Тэгээд тэр түүнээс бүх өөхийг нь өргөхдөө сүүл, сэмж, 4ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө. 5Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой. 6Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой. 7Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно. 8Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. 9Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой. 10Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.
11ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм. 12Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө. 13Талархалд зориулсан эвийн өргөлүүдийн тахилтайгаа хамт тэр исгэсэн талхан боовтой өргөлөө авчирна. 14Үүнээс тэр өргөл бүрээс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргө. Эвийн тахилын цусыг цацсан тахилчид энэ нь оногдох болой.
15Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй. 16Гэвч хэрэв түүний өргөлийн тахил нь тангаргийн, эсвэл сайн дурын өргөл байх аваас, тэр хүн түүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэж болох бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болох 17боловч гурав дахь өдөр нь тахилын махны үлдэгдлийг галд шатаах ёстой. 18Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.
19Бас бузар аливаа зүйлд хүрсэн мах нь идэгдэх ёсгүй. Тэр нь галд шатаагдах ёстой. Бусад махны хувьд, цэвэр хүн нь тийм махыг идэж болно. 20Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыг идсэн хүн өөрийн ард олноос таслагдана. 21Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана” гэв.
22Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
23-Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү ид. 24Мөн үхсэн амьтны өөх, араатанд тастуулсан амьтны өөх нь ямар нэгэн өөр хэрэгцээнд зориулагдаж болох боловч та нар түүнийг үнэхээр идэж болохгүй. 25Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана. 26Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг идэж болохгүй. 27Хэн нэг нь аливаа цусыг идвэл, уг хүн өөрийн ард олноос таслагдах болой” гэв.
28Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
29-Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “ЭЗЭНд өөрийн эвийн тахилын өргөлийг өргөж буй хүн өөрийн өргөлийг эвийн тахилын өргөлөөсөө ЭЗЭНд авчрагтун. 30Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм. 31Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Харин өвчүү нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох юм. 32Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн. 33Баруун гуя нь эвийн тахилын цус, өөхийг өргөж буй Аароны хөвгүүдийн дундах нэгний хувь болон түүнд оногдоно. 34Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.
35Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийг Мосе ЭЗЭНд тахилч нар болгон үйлчлүүлэхээр авчирсан өдөрт ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс тэдэнд зориулагдан ариусгагдсан зүйл болой. 36ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт эдгээрийг Израилийн хөвгүүдээс тэдэнд өгөхийг тушаасан юм. Энэ нь үеийн үед тэдний мөнхийн хувь нь болох юм” гэлээ.
37Энэ бол шатаалт тахил, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил, сахил хүртээх ёслолын тахил, эвийн тахилуудын өргөлийн хууль бөгөөд 38Израилийн хөвгүүдэд өргөлүүдээ Синаин цөлд ЭЗЭНд өргөхийг тушаасан тэр өдрөө ЭЗЭН эдгээр хуулийг Синаи ууланд Мосед тушаасан билээ.