2 1Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой. 2Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм. 3Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.
4Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой. 5Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой. 6Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асгана. Энэ нь идээн өргөл болой. 7Хэрэв та нарын өргөл нь саванд чанасан идээн өргөл байх аваас энэ нь тостой сайн гурилаар хийгдсэн байх ёстой. 8Та нар эдгээр зүйлсээр хийгдсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өгөхөд, тэр түүнийг тахилын ширээнд аваачна. 9Тэгээд тахилч идээн өргөлөөс түүний дурсгалын хувийг авч, түүнийгээ ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. 10Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.
11ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулах ёсгүй. 12Эдгээрийг та нар анхны үр жимсний өргөл болгон ЭЗЭНд авчирч болох боловч тэдгээр нь тахилын ширээн дээр тайвшруулах тааламжит үнэр болон өргөгдөх ёсгүй. 13Түүнээс гадна та нар идээн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь идээн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөгтүн.
14Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой. 15Түүн дээрээ та нар тос тавин, дээр нь утлагыг байрлуул. Энэ нь идээн өргөл юм. 16Тахилч түүний дурсгалын хувийг, түүний үйрмэг болон тосыг бүх утлагынх нь хамт ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулна.