24 1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2-Израилийн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохисон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун. 3Түүнийг хурлын майхны дотор, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үдшээс өглөөг хүртэл ЭЗЭНий өмнө байнга ёсоор нь байлгах ёстой. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх болой. 4Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.
5Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой. 6Тэдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой. 7ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун. 8Амралтын өдөр бүр тэр түүнийг ЭЗЭНий өмнө ёсоор нь байнга байрлуулах болой. Энэ нь Израилийн хөвгүүдэд мөнхийн гэрээ болно. 9Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.
10Израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүдийн дунд гарч ирэв. Түүний эцэг нь египет хүн байлаа. Хуаранд израиль эмэгтэйн хүү болон израиль эр бие биетэйгээ муудалцав. 11Израиль эмэгтэйн хүү нь ЭЗЭНий Нэрийг доромжлон, хараав. Тиймээс тэд түүнийг Мосе уруу аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэр эмэгтэй Дан овгийн Дибрийн охин байлаа.) 12Тэд ЭЗЭНий тушаалыг өөрсдөдөө тодорхой болох хүртэл түүнийг хорионд байлгав.
13Тэгтэл ЭЗЭН Мосед айлдан
14-Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд. 15Чи Израилийн хөвгүүдэд хэлж яригтун. “Хэрэв хэн нэгэн нь өөрийн Бурханыг хараах аваас тэр өөрийн нүглийг үүрэх болно. 16Түүнээс гадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.
17Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. 18Амьтны амийг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх болой. 19Хэрэв хүн өөрийн хөршийг гэмтээх аваас өөрийнх нь үйлдсэнчлэн өөрт нь үйлдэгдэнэ. 20Хугаралтыг хугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээсэн дагуу нь түүнд мөн түүнчлэн учрах болой. 21Амьтныг алсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой. 22Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв. 23Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдтэй яриад, тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Ингэж Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.