19 1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2-Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой. 3Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 4Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
5ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн. 6Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой. 7Тиймээс хэрэв энэ нь гурав дахь хоногт идэгдэх аваас тэр нь бузар болоод, хүлээн авагдахгүй. 8Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.
9Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй. 10Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
11Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур. 12Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.
13Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй. 14Чи дүлий хүнийг бүү хараа. Сохор хүний урд бүдрүүлэх зүйлийг бүү тавь. Харин өөрийн Бурханыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.
15Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү. 16Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.
17Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй. 18Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
19Та нар Миний тогтоолуудыг сахих ёстой. Хоёр өөр төрлийн малыг хооронд нь бүү хээлтүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн эдийг хольж хийсэн хувцсыг бүү өмс. 20Хэрэв эрэгтэй хүн нь өөр хүнд эзэмшигдсэн, чөлөөлөгдөөгүй боол эмэгтэйтэй махан биеэр унтах аваас тэдэнд шийтгэл байх юм. Гэхдээ тэд цаазлагдах ёсгүй. Учир нь эмэгтэй чөлөөт бус юм. 21Эрэгтэй нь хуцыг өөрийн гэмийн төлөөх тахилаар ЭЗЭНд хурлын майхны үүдэнд авчирна. 22Тахилч мөн түүний төлөө, гэмийн төлөөх тахилын хуцаар үйлдсэн нүглийнх нь төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд түүний үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.
23Та нар уг нутагт орон, хүнсэнд зориулан бүх төрлийн моддыг тарихдаа тэдгээрийн үр жимсийг цээрлэгдсэн хэмээн тооц. Гурван жилийн турш энэ нь та нарт цээрлэгдэх болой. Үүнийг идэх ёсгүй. 24Гэвч дөрөв дэх жилд нь түүний бүх үр жимс ЭЗЭНд магтаалын ариун өргөл болно. 25Тав дахь жилд нь та нар үр жимсийг идэж болно. Ингэж түүний үр жимсийг та нарт улам нэмэгдүүлнэ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
26Та нар цустай ямар ч юмыг бүү ид. Мэргэ төлөг, эсвэл ид шидээр бүү оролд. 27Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд. 28Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би бол ЭЗЭН.
29Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй. 30Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.
31Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
32Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.
33Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй. 34Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
35Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү. 36Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм. 37Ингэж та нар Миний бүх тогтоолууд болон Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол ЭЗЭН” гэлээ.