21 1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
-Аароны хөвгүүд болох тахилч нартай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Хэн нь ч өөрийн ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бузарлах ёсгүй. 2Зөвхөн өөрийн ойрын төрлүүд болох эцэг, эхийнхээ төлөө, хүү, охиныхоо төлөө, ах дүүгийнхээ төлөө, 3бас хүнтэй суугаагүй онгон эгч дүүгийнхээ төлөө (учир нь тэр нь нөхөргүй) тэр өөрийгөө бузарлаж болно. 4Тэр мөн өөрийн ураг барилдсан хамаатнаар өөрийгөө бузарласнаараа өөрийгөө цээртэй болгох ёсгүй. 5Тэд толгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй. 6Тэд өөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой. 7Тэд садар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой. 8Тиймийн тул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм. 9Бас хэрэв аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэр нь эцгийгээ гутаах бөгөөд галд шатаагдах ёстой.
10Ах дүү нар дотроо нь тосолгооны тос толгой дээр нь асгагдсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч нь өөрийн толгойг ил гаргах ёсгүй, хувцсаа урах ёсгүй, 11аливаа үхсэн хүнд ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй. 12Тэрээр ариун газраас гадагш гарах ёсгүй, өөрийн Бурханы ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН. 13Тэр эхнэрээ онгон байдлаар нь аваг. 14Бэлэвсэн эхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой. 15Энэ нь ард түмнийхээ дунд өөрийн үр удмыг гутаахгүйн тулд юм. Учир нь Би бол түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэв.
16Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
– 17Ааронтай ярин ийн хэл. “Үеийн үед чиний үр удмын согог гажигтай нэг ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй. 18Согог гажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн, 19эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн, 20эсвэл бөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана. 21Тахилч Аароны үр удмын дундаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галаар өргөх тахилуудыг өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэр нь согог гажигтай тул Бурханы талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй. 22Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч, 23Миний ариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ. 24Тиймээс Мосе Ааронтай болон түүний хөвгүүдтэй, Израилийн бүх хөвгүүдтэй ярив.